2025.02.10 - 2025.02.14

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Би бүтэлгүйтэл бүрийг боломж болгохын

төлөө хичээдэг."

- Жон Д. Рокфеллер

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 53,910.42 нэгжид хүрч 2.47 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол Улсын Засгийн Газрын 2026 болон 2028 оны бондуудад зарласан тендер санал нь 2026 оны бондын үндсэн төлбөрийг шинэ бонд гаргаж төлөх үндсэн зорилготой юм. 2028 оны "ХҮННҮ" бондын төлөлтийн хувьд шинэ бондын нийт гаргалтын хэмжээнээс хамааруулан тодорхойлох төлөвтэй байна. Шинээр гарахаар хүлээгдэж буй бонд нь 5 жилийн хугацаатай 500 сая ам.долларын бонд байх хүлээлттэй байна. Тус тендер саналын нөхцөл байдал болон хөрөнгө оруулагчдын сонирхлоос шалтгаалан хугацааг 10 жил, нэмж 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх боломжтой байна. Энэхүү шинэ бондын гаргалт нь өрийн менежментийн зорилготой бөгөөд Засгийн газар бэлэн мөнгөний урсгалаа хадгалах, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг хадгалах ач холбогдолтой байна. Энэ нь өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй юм. 2026 онд хугацаа нь дуусах Засгийн Газрын бондын өрийн үлдэгдэл 566 сая ам.доллар, 2028 онд хугацаа нь дуусах бондын өрийн үлдэгдэл 650 сая ам.доллар байна.
  3. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 12 компани 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 471.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараахаар шийдвэрлээд байна. Хаан Банк ХК нь өнгөрсөн оны жилийн эцсийн цэвэр ашгийн 58.5 хувь буюу 373.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэ нь нийт тараагдах ногдол ашгийн 79.3 хувийг дангаар бүрдүүлж буй үзүүлэлт юм.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Технологийн компаниудын эзлэх жин өндөр NASDAQ Composite индекс өнгөрөгч 7 хоногт 2.58 хувийн өсөлт үзүүллээ. Зах зээл өндөр өсөлт үзүүлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны шинэчилсэн тарифаа хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, улс орон бүрд тохирсон тариф хэрэгжүүлэх боломжтой тухай захирамжид гарын үсэг зурсан үйл явдал эергээр нөлөөллөө. АНУ-ын худалдааны хурцадмал бодлогын эхлэл нь бусад улс орнуудыг хариу тарифаа өсгөхөд нөлөөлөх төлөвтэй байсан боловч ийнхүү хурцадмал байдал намжсан нь хувьцааны зах зээлийн өсөлтөд эергээр нөлөөллөө.
  2. 2025 оны 1-р сарын АНУ-ын инфляцын түвшин 2.9 хувиас өсөж 3.0 хувьд хүүрлээ. Суурь инфляцын түвшин 3.2 хувиас өсөж 3.3 хувьд хүрлээ. Инфляцын түвшин сарын өөрчлөлтөөр өмнөх сараас 0.5 хувь өссөн ба энэ нь 12-р сард 0.4 хувь өссөнтэй харьцуулахад өсөлт хурдассан үзүүлэлт болж байна. Орон сууцны зардал өндрөөр өссөн нь 1-р сарын нийт инфляцын түвшний өсөлтийн 30 хувь орчмыг бүрдүүлжээ.
  3. Инфляцын түвшний эргэн өсөж болзошгүй байгаа нь Холбооны нөөцийн сангийн дараа дараагийн шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлөх нь зах зээлийн анхаарлыг татаж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Банкны холбооны хурлын өмнө "Инфляцын түвшин бууралттай байгаа боловч бид хараахан зорилтот түвшинд хүрээгүй байна” хэмээн онцлов.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. ОХУ, Украины дайн дуусах найдвар болон компаниудын ашиг орлогын тайлан сайн гарснаар Европын хувьцаанууд өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.37 хувь, STOXX Europe 600 индекс 1.78 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. 2024 оны 4 улиралд Их Британийн эдийн засаг жилийн өмнөх үеэс 1.4 хувь, улирлын өмнөх үеэс 0.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Дийлэнх шинжээчид 0.1 хувийн агшилт тооцоолж байсан боловч эдийн засаг өсөлттэй гарлаа. 
  3. Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2024 оны 12-р сард 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Жилийн дүнгээр аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.0 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны шинэчилсэн тарифаа хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, улс орон бүрд тохирсон тариф хэрэгжүүлэх боломжтой тухай захирамжид гарын үсэг зурсан нь Япон улсын зах зээлийн өсөлтөд эергээр нөлөөллөө. Япон улсын эрх баригчид АНУ-ын боломжит хариу тарифын дэлгэрэнгүй мэдээлэл, үр нөлөөг харгалзан үзэж шаардлагатай бол зохих арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Nikkei 225 индекс 0.93 хувь, TOPIX индекс 0.80 хувийн тус тус өсөлттэй байлаа.
  2. Японы төв банк 2025 оны 2-р хагас жилээс эхлэн бодлогын хүүгээ өсгөж эхлэх төлөвтэй гэсэн ерөнхий таамаг шинжээчдийн дунд давамгайлж байна. Япон улсын Засгийн газрын бондын өгөөж өсөх хандлагатай байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд төв банк бодлогын хүүг хүлээгдэж байгаагаас хурдан өсгөж магадгүй гэсэн итгэл өндөр байгаагийн дохио болж байна.
  3. Будааны үнэ огцом өсөж байгаа тул Засгийн газар нөөцөөс будаа зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргалаа. Японы улсын Засгийн газар анх удаа үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор будаа зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргаж байгаа юм. 2024 оны 12-р сарын байдлаар будааны үнэ улсын хэмжээнд жилийн өмнөхөөсөө 64.5 хувь өссөн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын засаг захиргаа 2-р сарын эхээр БНХАУ-ын бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоох шийдвэр гаргасан нь АНУ-ын худалдааны тариф хүлээгдэж байснаас зөөлөн байх магадлалыг өндөр болгож улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.30 хувь, CSI 300 индекс 1.19 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын 1-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 0.5 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Сар шинийн баярын 8 өдрийн амралттай холбоотой 1-р сард инфляцын түвшин өсөлттэй гарлаа.
  3. БНХАУ-ын 1-р сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2.3 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Үйлдвэрлэгчийн үнийн индекс 28 сар дараалж буурууд байгаа юм.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“АПУ” ХК 2024 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2025.02.11


“АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25/02 тоот тогтоолоор компанийн 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 65 (жаран таван) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-аар дамжуулан 2025 оны 08-р сарын 19-ний өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.


Дэлгэрэнгүй

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2025.02.11


“Инвескор ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25/08 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 4,544,656,860 (дөрвөн тэрбум таван зуун дөчин дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун жаран) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.


Нэгж хувьцаанд 60 (жаран) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 23-ны өдөр нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.


Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261